Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх нь дараах хэлбэрүүдтэй байдаг

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
  2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
  3. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх

 

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: 

БЦЖ вакцин

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин нь ямар нэг хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос  сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх болжээ.

Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна.

Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол тэжээлийн дутагдал болон тэдний биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө. Вакцины дараах урвал 2-4 долоо хоногийн дараа эхэлнэ.

  • Тарьсан хэсэгт гүвдрүү үүснэ
  • Гүвдрүү нь шар ногоон идээтэй цэврүү болно
  • Цэврүү нь хагарч шархлаа үүснэ
  • Шархлаан дээр тав тогтоно
  • Тав нь унаснаар 4-5 мм хэмжээтэй хонхордуу цагаан сорви үлдэнэ.

БЦЖ вакцины II тунг тарихаас өмнө хүүхдийг халдвар авсан эсэхийг тодорхойлох туберкулины сорилыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Доорх тохиолдлуудад сүрьеэгийн вакцин хийхийг хориглодог.

  • ХДХВ-ийн халдвартай хүүхдүүд болон дархлалын тогтолцооны үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс
  • Жирэмсэн эхчүүд
  • Арьсны үрэвсэлт өвчтэй хүмүүс

Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Халдвар авсан хүн болгон өвчилдөггүй. Г‎эхдээ зарим хүмүүсийн хувьд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Үүнд:

  • ХДХВ-ийн халдвартай
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд сүрье‎‎эгийн халдвар авсан
  • Бага насны хүүхдүүд
  • Бие махбодын дархлалын тогтолцоог сулруулах бусад өвчин ‎эмгэгүүд
  • Настай хүмүүс
  • Урьд өмнө сүрье‎эгээр өвдөж байсан бөгөөд эмчилгээг горимын дагуу хийлгээгүй.

 

Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх

Х‎эрэв та сүрьеэгийн халдвар авсан ба дээрхи эрсдэл бүхий бүлгүүдийн аль нэгэнд багтаж байгаа бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний аль тохирохыг ‎эмч  хэлж өгнө.

Хэрэв та эмчийн зөвлөсний дагуу эмээ зөв уувал сүрьеэгийн халдвар сүрьеэ өвчин болохоос сэргийлж чадна.

Харин эмчийн зөвшөөрөл зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэрэглэх, бусад өвчний үед сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэх нь нян эмэнд тэсвэртэй байдлыг үүсгэх аюултай юм.

Ихэвчлэн урьдчилан сэргийлэх эмчилгээнд нэг төрлийн эмийг хэрэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд эмийн гаж нөлөө илэрч болзошгүй тул эмчийн хяналтанд тогтмол байх шаардлагатай. Хэрэв

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухай оргих
  • Огиулах, бөөлжих
  • Нүд, арьс шарлах
  • 3 болон түүнээс дээш хоногоор халуурах
  • хэвлийгээр өвдөх
  • хөл гарын хуруу мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдэг урьдчилан сэргийлэх эмчилгээний явцад илэрвэл эмчдээ хандаарай.

Сүрьеэгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж буй үед архи согтууруулах ундааны төрлийг хэрэглэх нь эмийн гаж нөлөөг нэмэгдүүлэх аюултай.

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...