Нус цэрэн дэх сүрьеэгийн нян хүйтэнд гурван сар тэсвэртэй байдаг

— Ч.Баяржаргал   2020 оны 01 сарын 17

Дэлхий нийтэд жилд гурван тэрбум хүн сүрьеэгийн халдвар авч, 10 сая хүн сүрьеэгээр өвчилдөг гэсэн тоо баримт байдаг. Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Магадгүй та, таны эргэн тойрны хэн нь ч сүрьеэгийн халдвар тээж явааг үгүйсгэхгүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөх үү? 

Амьсгалын замын халдварт өвчин, ханиад томууны дэгдэлт өндөр байгаа эдгээр өдрүүдэд ханиалгаж, найтааж байгаа хүнээс хэчнээн төрлийн, ямар нян, вирус ялгарч байгааг мэдэхэд хэцүү. Гэвч хувийн ариун цэвэр, эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээлэлтэй байснаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. "Жаргалан" булангаараа энэ удаа сүрьеэ өвчний талаар мэдвэл зохих суурь ойлголт мэдээлэл хүргэхээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын эмч П.Янжиндуламтай ярилцсанаа хүргэж байна.

Сүрьеэ өвчний ерөнхий ойлголтыг уншигчдад маань өгөөч? 

Сүрьеэгийн нян нь олон зуун жил хүн төрөлхтөнтэй хамт оршин тогтнож байгаа маш хүчтэй, ухаантай нян гэж ойлгож болно. Хүмүүсийн дунд сүрьеэ өвчний талаар ерөнхий ойлголт байдаг боловч харамсалтай нь баталгаагүй, буруу таашаа мэдээлэлтэй байх нь элбэг байна. Сүрьеэ бол амьсгалын замын халдварт өвчин. Хэн нэгний уушгинд байгаа сүрьеэгийн нянгууд дархлаа суларсантай холбоотойгоор өсөж үржээд, орчныхоо эд эсийг гэмтээж, тухайн өвчтөн ханиах, найтаах, ярих, бүр дуулахад амьсгалын замаар агаарт цацагдаж байдаг. Тухайн халдвар тарааж байгаа хүнтэй ойрхон байгаа хүмүүс сүрьеэгийн нянгаар халдварлах эрсдэлтэй гэсэн үг.

Тэгэхээр хүн бүр сүрьеэгийн нянгаар халдварлах боломжтой байх нь ээ. Сүрьеэгийн халдвар авсан, сүрьеэгээр өвчилсөн хүний ялгааг тайлбарлаж өгөөч?

Сүрьеэгээр өвчилсөн, сүрьеэгийн халдвар авсан хоёрын ялгааг мэдэх нь маш чухал. Дэлхий нийтэд жилд гурван тэрбум хүн сүрьеэгийн халдвар авдаг ч, арван сая хүн нь сүрьеэгээр өвчилдөг. 

Халдвар авсан хүн бүр өвчлөхгүй харин өвчлөх эрсдэлтэй болно.

Мөн дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвартай гэсэн тооцоолол бий. Улс орон бүрт сүрьеэгийн халдварын тархалт харилцан адилгүй. Энэ нь нян ялгаруулж байгаа хүний тоо, тухайн улс орон, аймаг, дүүрэгт хэр их байгаагаас хамаарна. Хаана өвчилсөн хүн их байна тэнд халдварын тархалт их байдаг. Ажилгүйдэл, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн боловсрол муутай байгаа улс орнуудад сүрьеэгийн тархалт их байх хандлагатай гэж үздэг. 

Сүрьеэгийн тархалт ихтэй манай орны хувьд сүрьеэгээр өвчилсөн хүмүүсээ түлхүү хайдаг бол сүрьеэгийн тархалт багатай өндөр хөгжилтэй газарт зөвхөн халдварласан хүмүүсээ хайж, өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. 

Ямар тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэл нэмэгдэх вэ? 

Амьсгалын замаар дамждаг халдварт өвчин учраас таны суусан автобусанд хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн хүн таван буудал газар ханиалгаад явахад л зэрэгцээд сууж байгаа та халдвар авах эрсдэлтэй болно. Хэн өвчлөх вэ гэвэл арай өөр ойлголт. Хэний дархлаа сул байна тэр хүн сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. 

Хоол тэжээлийн дутагдалтай, байнгийн стресстэй, архаг хууч өвчтэй, дархлаа дарангуйлагдсан хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй болдог.

Сүрьеэгээр өвчилсөн хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ? Ханиад томууны улирал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд ханиалгаж найтайж байгаа хүмүүс хаа сайгүй  байна. Хэн нь сүрьеэгээр өвчилсөн, хэн нь ханиад тусаад ханиалгаж байгааг мэдэх арга бий юу?

Сүрьеэгийн нянгууд ихэвчлэн уушгиндаа үлдэж тэндээ өсөж үрждэг. Тиймээс ханиалгах шинж тэмдэг давамгай илэрдэг боловч дагалдах олон шинж тэмдэг бий. Цэр ялгарах, бүр хүндэрвэл цустай цэр гарах, халуурах, хөлрөх, турах, ядрах зовиур илэрдэг. 

14 хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах, шөнийн цагаар халуурч бие арзайх, хөлрөх, хоолонд дургүй болох нь уушгины сүрьеэгийн үед илэрдэг шинж тэмдгүүд юм. 

Гэтэл сүрьеэгийн нян зөвхөн уушгинд хорогдохгүй, цусаар дамжаад бусад эрхтнүүдэд өвчин үүсгэх тохиолдол байдаг.  Жишээ нь унаж гэмтсэн, аваар осолд орж байсан бол тухайн гэмтсэн, эмзэг эрхтнийг нь барьж өвчлүүлдэг. Хүүхдэд булчирхайнууд томрох, турах зэрэг шинж илэрдэг бол хэвлийн сүрьеэгийн үед гүйлгэх, суулгах шинж тэмдгүүд илүү давамгай байх гэх мэт аль эрхтнийг гэмтээснээс хамаараад өөрчлөлтүүд гарна.

Халдвар авсан хүн эмчлүүлэх шаардлагатай юу? 

Халдвар авсан хүн бүр өвчлөхгүй. Харин өвчилсөн эсэхийг нь шинжилгээгээр оношилж шалгана. Өвчлөөгүй зөвхөн халдвар авсан тохиолдолд өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Урьдчилан сэргийлэх аргууд нь хэд хэдэн янз. Жишээ нь насанд хүрсэн хоол тэжээл, дархлаагаа дэмжээд нянг өсөж үржүүлэхгүй байх боломжтой хүмүүсийн хувьд зөвлөгөө өгдөг. Ингэж чадахгүй бага насны хүүхэд мөн жирэмсэн эмэгтэй, өндөр настай хүмүүсийн хувьд эмийн эмчилгээ хийдэг. 

Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь сүрьеэгээр өвчилсөн хүмүүст хийдэг эмчилгээнээс өөр бөгөөд нянг өсөж үржихээс сэргийлэх дарангуйлах эмчилгээ юм.

Тухайн хүн хувийн ариун цэврээ хэрхэн сахиж байгаа эсэх нь сүрьеэгийн халдвар авах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөтэй болов уу? 

2016 оны хоёр сард би Япон улс руу сургалтанд явсан юм. Тэнд очоод төрсөн хамгийн анхны сэтгэгдэл гэвэл япон хүмүүс хар хувцастай, хар цүнх барьчихсан бүгд цагаан маск зүүсэн учраас их анхаарал татахаар харагдсан. Тэгээд тодруулаад асуусан чинь манайд одоо томуугийн улирал эхэлж байгаа учраас урьдчилан сэргийлж маск зүүж байгаа гэсэн. Маскийг зөвхөн эмнэлэгт эсвэл өвчтэй хүн л зүүдэг гэсэн ойлголт бидний дунд байдаг. Манай улсад ч гэсэн томууны улирал эхэлчихсэн учраас амьсгалын замын өвчнөөс сэргийлэх нэг арга хэмжээ, зөв дадал нь маск зүүх юм. Хувь хүн өөрөө хийх ёстой, хамгийн энгийн боломжтой зүйлээ хүмүүс төдийлөн хэвшүүлэхгүй байна. 

Хэрвээ та ханиалгаж л байгаа бол олон нийтийн дунд байхдаа заавал маск зүүх ёстой. 

Хоёрдугаарт гараа угаах. Гар бохир байх амьсгалын замын өвчинд ямар хамаатай юм бэ гэж хүмүүс боддог. Гэтэл ихэнх нь зөв ханиалгаж сураагүй, гарынхаа алга руу ханиалгадаг учраас гарын алганд маш их нян, вирус хуралддаг. Тэгээд хаалганы бариулаас барихад л нян вирус дамжиж халдвар авдаг. Чи ханиадаа эмчлэхгүй бол хүндрэнэ шүү гэж хэлдэгээс биш зөв ханиалга, амны хаалт зүү гэх мэт наад захын шаардлагыг нэг нэгэндээ тавьдаггүй. 

Энэ олон төрлийн ханиалгалт дунд сүрьеэгийн үүсгэгчийн шалтгаантай, бусдад хүнд хэлбэрийн халдвар тараах өвчин байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Сүрьеэгийн халдвар авсан, өвчилсөн эсэхээ хаана, ямар шинжилгээ өгч баталгаажуулах вэ?

14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байвал сүрьеэтэй байж болзошгүй. Болзошгүй гэдэг нь сүрьеэтэй гэсэн үг биш. Хүмүүс өөртөө онош тавьдаг буруу хандлага байна. Ингэж өөртөө онош тавихгүйгээр мэргэжлийн байгууллага, эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэн ч сүрьеэтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Гэтэл үүнийгээ хүлээн зөвшөөрч эмнэлэгт хандаж, бүрэн оношлуулж байж л эдгэрэх нөхцөл нь бүрдэнэ. Түүнээс сүрьеэ аяндаа эдгэдэг өвчин биш.

Сүрьеэгийн оношилгоо эмчилгээ үнэ төлбөргүй. 21 аймаг, 9 дүүргийн сүрьеэгийн диспансер,  224 өрхийн эмнэлэгт хандаж болно. Шинж тэмдгээс нь шалтгаалж цэрний түрхцийн шинжилгээ, рентген шинжилгээ гээд олон төрлийн шинжилгээ хийдэг. Манай улс 2013 оноос эхлээд богино хугацаанд буюу хоёр цагийн дотор сүрьеэгийн үүсгэгч нянг шинжилдэг арга нэвтрүүлсэн. Энэ онд бүх аймаг дүүрэг бүрэн хамрагдахаар ажиллаж байна.

Сүрьеэгийн нян их ухаантай, тэсвэртэй гэлээ. Хүний биед ороод яаж тэсвэрлэдэг юм бэ?

Сүрьеэгийн нян хувьсан өөрчлөгдөх чадвартай. Нянгийн хувьд таагүй орчин байвал сүрьеэгийн нян унтаа байдал руу шилждэг. Таагүй орчин гэдэг нь хүний бие махбодын хувьд дархлаа сайн байхыг хэлж байгаа юм. Тэгээд унтаа байдалд байсан нян тухайн хүний дархлаа сулрах үед эргээд сэргэх чадвартай. Халдвар аваад, өнөөдөр маргааш өвдөхгүй байж болох ч дархлаа сулрах үед эргээд сэргэдэг. Тиймээс насан туршдаа дархлаагаа дэмжих ёстой.

Сүрьеэтэй гэж оношлогдсон бол ямар эмчилгээ хэдий хугацаанд хийх вэ? Бүрэн эмчлэгддэг эсэх дээр хүмүүсийн дунд эргэлзээ, айдас байдаг?

Сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийгээд 14 хоногоос хоёр сар орчмын дараа шинж тэмдэг, зовиурууд арилдаг. Хүчтэй эмүүдийн үйлчлэлээр нэг хэсэг нян нь үхэж, зарим нь дарангуйлагддаг. Үлдсэн нянг бүрэн үхүүлэхийн тулд дахиад дөрвөн сар, нийтдээ сүрьеэгийн шинэ тохиолдолд зургаан сарын эмчилгээ хийж байж сүрьеэгийн нян бүрэн устаж эдгэдэг гэж үздэг. Гэтэл эхний хоёр сард эмээ уугаад шинж тэмдэг нь арилаад эмнэлгээс гарсан өвчтөн өөрийгөө эдгэчихлээ гэж бодоод эмчилгээгээ зогсоочихдог. Тэгээд дарангуйлагдсан нянгууд нь тодорхой хугацааны дараа дахиад өсөж үрждэг. Хамгийн аюултай зүйл нь нян өсөж үржихдээ хэрэглэж байсан эмэндээ тэсвэртэй болчихдог. Ингээд дараагийн илүү нарийн оношилгоо, хүчтэй эмчилгээ, удаан хугацааны өртөг зардал шаардагдана. Ийм байдалд хүргэхгүйн тулд мэдээллийг сайн авч, эмчийн зааврыг маш сайн дагаж, эмчилгээг зургаан сарын туршид тасралтгүй хийлгэх ёстой. 

Эмчилгээ дутуу хийлгэснээс болоод манай улсад жилдээ 200 орчим хүн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хэлбэрээр өвчилж байна. 

Бага тоо юм шиг санагдавч эдгээр хүмүүс ханиаж, найтааж ярихдаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нян ялгаруулдаг. Хүчтэй нянгаар нь амьсгалсан хүн яг тэр эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Тиймээс сүрьеэгийн эмчилгээг тасралтгүй хийлгэвэл бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг хэлье. Эмчилгээний үр дүн амжилттай болоход эмчлүүлэгчийн сахилга бат, тууштай байдал хамгийн чухал.

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан ч дархлаа сайн, ажил амьдралын дэглэмээ зөв зохицуулж чадвал насан туршдаа сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой.

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...