Сүрьеэгийн халдвартай ч насан туршдаа өвчлөхгүй явж болно

Сүрьэ өвчнийг нийгмийн халдварт өвчин гэдэг. Сүрьеэгийн халдвартай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Дэлхийд жил бүр 10 сая хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүнээс 1.5 сая нь нас бардаг аж. Сүрьеэгийн өвчлөлийн дэлхийн дундаж 100 мянган хүн амд 132 гэсэн тооцоолол бий. Харин манай улсад 100 мянган хүнд 428 оногдож байна. Энэ нь өвчлөлийн түвшнээрээ дэлхийн дунджаас өндөр гэсэн үг. Мөн манай улсад жил бүр шинээр 4000 гаруй сүрьеэ өвчтэй хүн оношлогддог аж. Үүний цаана сүрьеэ өвчтэй боловч түүнийгээ мэдээгүй 8000 гаруй хүн бидний дунд халдвар тараагаад явж байгаа хэрэг. Заримнь яагаад сүрьеэгийн халдвартай боловч өвчлөхгүй, зарим нь яагаад өвчилж, бүр олон эмэнд тэсвэртэй болж, нас баралтаар төгсдөг вэ. энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны үзлэгийн эмч П.Энхтамиртай ярилцлаа.

Эхлээд сүрьеэгийн халдвартай болон сүрьеэ өвчтэй гэх хоёр тусдаа ойлголтыг мэдэх нь зүйтэй. Сүрьеэ өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, улмаар уушги болон бусад эрхтнүүдэд сүрьеэгийн эмгэг өөрчлөлт гарсан хүнийг сүрьеэ өвчтэй гэнэ. Мөн сүрьеэгийн халдвар авсан болон сүрьеэгийн далд халдвартай хүн гэж бий. 

Сүрьеэгийн халдвартай хүмүүс дэлхийн нийт хүн амын 3/1-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл эмнэлзүйн ямар нэг шинж тэмдэг илрээгүй боловч сүрьеэгийн нянгаар халдварлагдаж, биед нь идэвхгүй байдлаар байгаа хүнийг сүрьеэгийн халдвартай хүн гэдэг.

Сүрьеэгийн халдвартай хүнд сүрьеэгийн эмчилгээ хийхгүй. Тухайн улс орны сүрьеэ өвчний тархалт, ядуурлын түвшин, сүрьеэгийн халдвартай хүний биеийн байдал  ямар байхаас хамааран авах хэмжээ өөр өөр байдаг.

Зарим хэлбэрийн сүрьеэ халдварладаггүй, зарим нь халдварладаг. Сүрьеэ гэхээр л халдварт өвчин гэж ойлгох нь хэр зөв бэ?

Сүрьеэ өвчин агаар дуслын замаар хүнээс хүнд дамжихдаа уушгийг хамгийн түрүүнд гэмтээж, цаашаа цус, тунгалгийн судсаар бусад эрхтэн рүү дамжин халдварладаг. Сүрьеэг уушгины болон уушгины бус сүрьеэ гэж ангилдаг. Нийт өвчлөлийн 70 гаруй хувийг уушгины сүрьеэ эзэлж байна гэсэн статистик мэдээ бий.

  • Уушгины бус сүрьеэг дотор нь яс үений, гэдэсний, арьсны, шээс бэлгийн замын сүрьеэ гэх мэт ангилна. Сүрьеэгээр өвдөггүй эрхтэн ховор байдаг. Хамгийн түгээмэл тохиолддог уушгины бус хэлбэрийн сүрьеэ нь цээжний хөндийн шүүдэст үрэвсэл, булчирхайн сүрьеэ, яс үений сүрьеэ.
  • Уушгины сүрьеэг халдвартай, халдваргүй хэлбэрийн гэж ангилдаг. Уушгины сүрьеэгийн тал гаруй хувь нь халдвартай хэлбэрийх байна. Тал хувь нь халдваргүй сүрьеэ буюу эрт үедээ оношлогдсон байдаг.

Бусад хүмүүст халдвар тарааж байгаа, халдвартай уушгины сүрьеэ гэсэн ангилалд орсон хүмүүс нийгэмд, эргэн тойрны хүмүүстээ халдвар тараах гол эх сурвалж болдог. Тиймээс эдгээр хүмүүсийг хамгийн түрүүнд илрүүлж яаралтай эмчлэх нь бидний гол зорилт юм.

Уушгины бус сүрьеэ бусад хүмүүст халдвар тараахгүй боловч эд эрхтэнг ихээр гэмтээдэг гэлээ. Үүнийг хүмүүс сүрьеэ гэж мэдэхгүй явах тохиолдол байдаг уу. Сүрьеэ мөн гэдгийг яаж мэдэх үү?

Аль ч хэлбэрийн сүрьеэгийн үед өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Тиймээс бусад өвчинтэй андуурагдах тал бий.  Жишээ нь, уушгины сүрьеэгийн үед ханиалгах, цэр гарах, халуурах, цээжээр өвдөх, амьсгаадах гэх мэт уушгины бусад өвчний үед илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Тодорхой мэдэхийн тулд цэрний шинжилгээ, уушгины зураг авахуулах, нарийн шинжилгээнүүдийг хийж байж уушги, амьсгалын замын бусад эмгэгүүдээс ялгадаг.

Уушгины бус сүрьеэ буюу яс, үений сүрьеэгийн үед дотроо нурууны, төвөнхийн, өвдөгний гэж ангилж болно. Бас л өвөрмөц шинж  тэмдэг илэрдэггүй. Түгээмэл тохиолддог шинж нь олон яс, үеийг хамардаггүй. Нурууны сүрьеэгийн үед тонгойж болохгүй, хөдөлгөөн хязгаарлагддаг. Шууд онош тогтоох боломжгүй учраас рентген зураг, компьютер гэх мэт нарийн шинжилгээ авах, шаардлагатай бол мэс засал хийх замаар тогтоодог.

Уушгины бус сүрьеэ үүсэх гол хүчин зүйл нь биеийн дархлаа муудах. Дархлаа сайн байвал сүрьеэгээр насан туршдаа өвдөхгүй явж болно. 

Дархлаанд олон зүйл нөлөөлдөг. Тэр дундаа сүрьеэгийн халдвар авах, өвчлөх эрсдэлтэй хүмүүст өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, хоол тэжээлийн дутагдалтай, нарны гэрэл шууд тусдаггүй давчуу газар амьдардаг хүмүүс орно. Манай улсын бодлого ч эдгээр хүмүүст илүүтэй чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Уушгины бус хэлбэрийн сүрьеэгийн хамгийн хүнд хэлбэр нь сүрьеэгийн менингит. Бусад менингиттэй ижилхэн шинж тэмдэгтэй. Оношилдог шинжилгээ нь нугасны усанд сүрьеэгийн нянг илрүүлэх, нугасны усны биохимийн шинжилгээ юм.

Уушгины бус хэлбэрийн сүрьеэг хэрхэн эмчилдэг вэ?

Эмчилгээний хувьд уушгины сүрьеэтэй ижил зарчмаар эмчилдэг. Өвчтөн хэр зэрэг эрт, эсвэл орой оношлогдсоноос шалтгаалж мэс засал хийх эсэх асуудал яригдана. Зөвхөн эмэн эмчилгээнээс гадна эмийн бус мэс заслын эмчилгээ хийгдэх заалттай өвчин.

ХӨСҮТ-д 30 ортой мэс заслын тасаг ажиллаж байгаа. Энд зөвхөн сүрьеэ өвчний шалтгаантай яс, үе, гэдэс уушгины бусад бүх төрлийн хагалгаанууд хийдэг.

Уушгины болон уушгины бус сүрьеэ бүрэн эмчлэгдэх үү? 

Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгдэнэ. Хэдий чинээ эрт оношлогдоно, төдий чинээ сайн эмчилгээ авдаг. Хугацаа алдсанаас болж уушги, бусад эрхтэнд өөрчлөлт орж, эмчилгээ авахааргүй болох тохиолдол ч байдаг. Тиймээс эрт илрүүлэх тал дээр нийт хүн амд сургалт сурталчилгаа, мэдээлэл хүргэх нь чухал.

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэ өвчин зарим тохиолдолд эмэнд тэсвэртэй болж хувирдаг. Энэ нь ямар шалтгаантай юм бол?

Сүрьеэг эмэнд мэдрэг болон эмэнд тэсвэртэй гэж хоёр ангилдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Сүрьеэ өвчний эсрэг үндсэн эмэнд тэсвэржилт үүсэхийг эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн үед эмчилдэг эм нь нөлөөлөхгүй, үр дүнгүй болдог.

Эмэнд мэдрэг гэдэг нь сүрьеэгийн эсрэг үндсэн дөрвөн эмэндээ мэдрэг буюу нян үхэх боломжтой. Эмчлэх хугацаа нь 6-8 сар байдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй харьцуулахад эмчилгээний хугацаа богино, үр дүн өндөр, үнэ өртөг хямд байдаг. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх эм нь тооны хувьд хязгаарлагдмал, гаж нөлөө өндөр, үнэ өртөг өндөр, эмчилгээний үр дүн эмэнд мэдрэг сүрьеэтэй харьцуулахад бага байдаг.

Манай улс 2006 оноос хойш эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлсэн. “Дөрвөн улсад төвтэй стрим судалгаа” буюу эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх богино хугацааны эмчилгээ манай улсад амжилттай нэвтэрснээр удирдамжиндаа түргэвчилсэн есөн сарын хугацаатай эмчилгээг хэрэглэж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ яаж үүсдэг вэ? 

Хоёр янзаар үүсдэг. Сүрьеэгийн эмийг дутуу, буруу тунгаар хэрэглэснээс болж үүснэ. Өөрөөр хэлбэл эмэнд мэдрэг сүрьеэг буруу эмчилснээс болж эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсдэг. Зарим хүмүүс эмчилгээний зургаан сараа гүйцээхгүй ганц хоёр сар уучихаад ямар нэг шалтаг, шалтгаанаар эмээ тасалдаг. Эргээд өвчин нь сэдрэхдээ эмэнд тэсвэртэй сүрьеэ болдог. Тухайн хүний биеийн жин, онцлог, олон үзүүлэлтийг нарийн харж эмчлэхгүй бол эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх магадлал өндөрсдөг. Анхаарах гол зүйл нь сүрьеэгийн эмийг заавал сүрьеэгийн эмчийн тогтмол хяналтанд уух ёстой.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авах, өвчлөх нь ямар эрсдэл дагуулж болох уу?

Нэгдүгээрт сүрьеэ өвчний талаар мэдлэг мэдээлэл дутуу байгаатай холбоотой. Сүрьеэг цаг тухайд нь эрт оношилж чадвал эмэнд мэдрэг, тэсвэртэй байсан ч эмчилгээг бүрэн хийлгээд гүйцэд эдгэрэх боломжтой. 

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн гол аюул бусад хүмүүст эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар тараадаг явдал. 

Тиймээс энэ өвчний талаар зөв ойлголттой болох нь эн тэргүүний чухал алхам. Хоёрт эмчилгээгээ зөв хийлгэхгүй бол зөвхөн өвчтөнөөс гадна хамт амьдардаг гэр бүлийн хүмүүс нь халдвар авч, өвчлөх эрсдэлтэй. Эмчилгээ ганцхан эмч, эмнэлгийн асуудал биш. Хоёр талаасаа чармайлт гаргаж байж эмчилгээний  үр дүн гардаг.

Эмэнд мэдрэг болон тэсвэртэй сүрьеэгийн үед ямар эмчилгээ хийх үү? 

Хоёр янзаар эмчилдэг. Өндөр халдвартай, бусдад халдвар тараах эрсдэлтэй, биеийн байдал хүнд хүмүүсийг хэвтүүлж эмчлэхээс өөр аргагүй. Аймаг бүрт эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үед хэвтэн эмчлүүлэхээр бэлдсэн эмнэлгийн орнууд бий. Хэвтэх хугацаа нь тухайн өвчтөний биеийн байдал, халдвартай байх хугацаа зэргээс хамаараад харилцан адилгүй. Харин эрт үедээ оношлогдсон, халдвар тараах магадлал багатай хүмүүсийг амбулаториор, харьяа дүүрэг, аймгийн сүрьеэгийн деспансераар эмчийн шууд хяналттайгаар эмчилдэг.

Эх сурвалж: www.tusgal.mn

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...