Бидний тухай

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг үүсэн байгуулагдсан түүх

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Гомбогарамын Цогтын санаачлагаар 1993 оны 3 дугаар сарын 16-нд 25-н гишүүнтэйгээр анх байгуулагдаж Хууль зүйн Яаманд бүртгүүлэн 27-н тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Улмаар 1996, 2001, 2011 онд Төрийн Бус Байгууллагын шинэчилсэн бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн.

galleryДэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 1993 оны 4 сард хуралдсан 46 дугаар Ерөнхий Чуулганаараа “Сүрьеэ өвчин хүн төрөлхтөнд учирсан аюул заналхийлэл” гэдгийг зарлан тунхаглаж сүрьеэтэй тэмцэх ажлаа эрчимжүүлэн сайжруулахгүй бол жил бүр 3 сая хүн, ирэх 10 жилд 30 сая хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдах болно гэдгийг гишүүн орнууддаа анхааруулжээ. Сүрьеэтэй тэмцэхэд ДЭМБ-ын сонгон авсан стратеги нь халдвартай хэлбэртэй сүрьеэг стандартжуулсан богино хугацаат бүрдмэл хими заслаар төгс эмчлэх явдал байлаа. Энэхүү стратеги дээрээ үндэслээд ДЭМБ 2005 он гэхэд сүрьеэгийн тохиолдлын илрүүлэлтийг 70 хувьд хүргэх, шинэ халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тохиолдлын 85 хувийг бүрэн эмчлэн эдгэрүүлэх зорилт тавьж гишүүн орнуудтайгаа идэвхитэй хамтран ажиллаж эхэлсэн юм.

Харин энэ үед Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжин, улс төрийн тогтолцоогоо өөрчлөн олон намын тогтолцоотой парламентын улс болон өөрчлөгдөх шилжилтийн он жилүүд байлаа. Эдийн засгийн хувьд хямралт байдалд орж сүрьеэтэй өвчтнийг жил хүртэл хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, 5-10 жил эмнэлгийн хяналтад байлгах, хүн амыг төлөвлөгөөтэйгээр сүрьеэгийн идэвхитэй үзлэгт хамруулан сүрьеэ өвчнөөс сэргийлэн тэмцэх бодлогыг хэвийн, үр дүнтэй явуулах бололцоогүй болсон байлаа. Учир нь сүрьеэтэй тэмцэхэд бидний хэрэглэж байсан арга нь өртөг ихтэй, үр дүн багатай байсан учир уг ажилд доголдол, чирэгдэл гарах болсон юм.

dsa

Монгол Улс ДЭМБ-ын гишүүн орны хувьд уг байгууллагаас сүрьеэтэй тэмцэх ажилд зөвлөмж болгосон “Шууд хяналттай богино хугацааны эмчилгээ” (ДОТС)-ний цогц бодлогыг сүрьеэтэй тэмцэх стратегаа болгон Монгол Улсын Засгийн газар 1994 онд Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг (СТҮХ) баталсан бөгөөд тэр үеийн Эрүүл мэндийн сайд П. Нямдаваагийн  А/90 тоот тушаалаар сүрьеэтэй тэмцэх бодлогын эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн юм. Энэ шинэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай үндэсний эмч мэргэжилтнүүдийн оролцоо асар их байх нь ойлгомжтой. Гэтэл сүрьеэтэй тэмцэх ажилд тэргүүн фронтод ажиллах эмч мэргэжилтнүүдэд сүрьеэтэй тэмцэх “шинэ” бодлогоо ойлгуулан сурталчлах нь юу юунаас илүү чухал байлаа.

Г.Цогтын цаг үеэ мэдэрсэн, ирээдүйгээ харсан, идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд ийнхүү Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг хэмээх ууган Төрийн Бус Байгууллагуудын нэг үүсэн байгуулагдаж Монгол Улсад сүрьеэгийн тархалтыг бууруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад өөрийн хувь нэмрээ оруулж эхэлсэн билээ.

 

 

This Campaign has ended. No more pledges can be made.