Ялгаварлан гадуурхалт

Тодорхой хэсэг хүмүүсийн бүлэгт багтаж буйн улмаас (жишээлбэл, тухайн хүн гей, биеэ үнэлэгч, хөгжлийн бэрхшээлтэй, сүрьеэгээр өвчилсөн учраас) тухайн хүнд шударга бус хандах явдлыг ялгаварлан гадуурхах үйлдэл гэж тодорхойлно.

social-media-discriminationСүрьеэгээр өвдсөн маш олон хүмүүс ойр дотны хүмүүс, хамаатан, найз нөхөд, үр хүүхдээсээ тусгаарлагддаг. Түүнчлэн хань ижилдээ хаягдах тохиолдол ч бас гардаг. Магадгүй тэд зарим үед аливаа муу муухай зүйлийн гол буруутан нь болж, ад шоо үзэгдэх нь ч бий. Нийгэмд зарим хүмүүс сүрьеэгээр өвдсөн хүнд уурлаж зэвүүцэн, түүнтэй ярихаас татгалздаг. Үүнийг ялгаварлан гадуурхалт гэж хэлнэ. Ялгаварлан гадуурхах үйл явцыг шууд болон шууд бус гэж хоёр хуваадаг.

Шууд ялгаварлан гадуурхалт нь илтээр шударга бус, тэгш бус байдлаар харьцахыг хэлнэ. Тодруулбал: янз бүрээр нэрлэх, хочлох, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, таагүй харьцах.

Шууд бус ялгаварлан гадуурхалт нь өнгөн талаас нь үзвэл шударга хандаж буй мэт боловч бусад бүлэг хүмүүстэй харьцуулбал тухайн бүлэгт тэгш бус байдлаар нөлөөлөхийг хэлнэ. Ер нь ялгаварлан гадуурхах үзэл нь ихэнх тохиолдолд дутуу дулимаг мэдлэг, айдас, аль эсвэл жирийн гэнэн байдлаас үүссэн буруу ойлголт, тогтсон  хандлага болон нэр хоч, ташаа төсөөллийн үр дүн байдаг. Ялгаварлан гадуурхалтыг даван гарахад өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдал маш чухал. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн олон хүмүүс энэ байдлаасаа ичиж, айж, цаг үргэлж бусдаас  нууж  явдаг.  Өвчтэй  хүний хувьд бусдын таагүй харилцаа, уур уцаар, ял зэмлэлээс өөрийгөө өмгөөлж хамгаалах нь хэвийн үзэгдэл юм. Түүнчлэн өвчин тусахгүй байхаас сэрэмжилж, болгоомжилж явах нь гэр бүл, хамаатан, найз нөхөд, хөрш  айлуудынх нь хувьд мөн жирийн үзэгдэл билээ.

Өвчиндөө зовж шаналан, түүнтэй хатуу тэмцэн байгаа өвчтөний хувьд ялгаварлан гадуурхагдаж буйгаа мэдрэх нь үнэхээр аймшигтай байдаг. Хүмүүс сүрьеэ өвчин халдчих вий хэмээн айсандаа өвчтэй нэгэнд их уурлаж зэвүүцэн, үргэлж  тэднийг  буруутай, нүгэлтэй мэтээр харж, буруушааж байдаг. Ихэнхи хүмүүсийн хувьд өвчтэй хүнээс айж эмээж байна гэдгээ хэлж, хүлээн зөвшөөрөх нь хэцүү зүйл учир тэд үнэн царайгаа уур уцаараар нуун  дарагдуулж  явдаг  юм.

Сүрьеэ  өвчний талаар зөв ойлголт, мэдээлэлгүй  хүмүүс  асуудалд өөрийнхөөрөө л хариулт  өгч, тайлбар хийх  бөгөөд  ихэвчлэн  тэдгээр нь буруу  байдаг. Ялгаварлан  гадуурхалттай тэмцэх  хамгийн шилдэг  арга нь  хүмүүс  таныг  ойлгохуйц  замаар, зөв  мэдээллийг  тэдэнд  тараах  явдал юм.

Нийгэмд хэн нэгэн нь сүрьеэ өвчтэй хүнийг  ялгаварлан гадуурхаж байвал түүнд зөв мэдээллийг өгч, түүний хий хоосон айдсыг даван туулахад туслах нь олон нийтийн хариуцлага билээ.

Сүрьеэ, ДОХ зэрэг халдварт өвчнүүд нь олон нийтийн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг. Шийдвэр гаргагч нар олон нийтэд өвчтэй хүнийг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд уриалснаар  өвчтэй хүмүүс нийгмийнхээ тусламж дэмжлэгээр сэтгэл санаагаар өөдрөг байж өвчин нь эдгэрэхэд тустай төдийгүй,  ажил албандаа  эргэн  орж, нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ  оруулдаг.

This Campaign has ended. No more pledges can be made.